
Баруун эргийн монголчууд бид хамтдаа Эх үрсийн баяраа өргөн дэлгэр, халуун дулаан уур амьсгалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Уламжлалт энэ баярын өдөр бяцхан үрсийн цангинасан инээд, тоглон наадах хөөр баяр нь элбэрэлт ээжүүд, ачлалт аавууд, сурган хүмүүжүүлэгч багш нарын сэтгэлийг баясгаж, хайр бахархлаар дүүргэсэн сайхан өдөр байлаа.
Бид хүүхдүүдээрээ гоёж, хүүхдүүдээ баярлуулан хөгжүүлж, монгол хэл, түүх, соёл уламжлалаа өвлүүлэн сургах эрхэм зорилгын хүрээнд монголчууд болон хамтран ажиллагч байгууллагуудтайгаа нэгдэн, хориод жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна. Энэхүү баяр нь зөвхөн хүүхдүүдийн баяр төдийгүй хамтын ажиллагаа, эв нэгдэл, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үнэ цэнтэй үйл ажиллагаа болсоор иржээ.
Баярын хөтөлбөрт Би Монгол сургууль, Монгол Соёлын Төв, Амуунаагийн бүжгийн студийн сурагчид монгол хэл, морин хуур, монгол бүжгийн хичээлээр сурч эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үзэгч олондоо өргөн барьж, халуун алга ташилтаар шагнууллаа.
Хүүхэд багачууд хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнд идэвх санаачилгатай оролцож, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Занабазар төвөөс Бөхийн барилдаан, Гар барилдаан, Амуунаагийн бүжгийн студиэс Зургийн уралдаан зохион байгуулж, оролцогч хүүхдүүдийг урамшуулан мялаав.
Гэр Хүүхдийн Төвөөс Уран залагч, Би Монгол, Олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулж, хүүхдүүдийн мэдлэг, авьяас чадварыг дэмжин урамшууллаа. Эдгээр тэмцээнд дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэж хамтран ажилласан Д. Батзоригийн гэр бүл, И. Мөнхтөрийн гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Занбазар төвөөс тэргүүний сурагчдыг урамшуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил Би монгол сургуулиас О. Амин-Од, Н. Санаа нар шагнуулсанд баяр хүргэж, амжилт хүсье.
Жил бүр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа гарын бэлэг бэлтгэн өгдөг П. Сарнай ахлагчтай ээжүүддээ, мөн Гэр төвийн авьяаслаг сурагчдад зориулан дурсгалт бэлэг бэлдсэн ээж Э. Болормаа, орчуулагч Г. Мөнхцэцэг нартаа онцгойлон баярлаж талархсанаа илэрхийлье.
Талбайг хөгжим, аялгуугаар амилуулж, хөгжмийн ард ажилласан СТА Ц. Төмөрчөдөр багшдаа, мөн чадварлаг хөтлөгч Б. Алтанзул, О. Цэлмэг нартаа гүн талархал илэрхийлье. Зураг илгээсэн аав, ээжүүдэд бас баярлалаа.
Ийнхүү нэгэн сайхан ажлынхаа ард амжилттай гарч, хүүхэд багачуудынхаа инээмсэглэл, баяр хөөрөөр шагнуулсан Гэр Хүүхдийн Төвийн багш нар, сайн дурын туслагчид, аав ээжүүддээ баярлалаа.
Хамгийн эрхэм талархал маань энэ өдрийн гол эзэд болсон хөөрхөн бяцхан хүүхдүүддээ зориулагдана. Хүүхэд бүр инээж, хүүхэд бүр баясаж, хүүхэд бүр эх хэл, өв соёл, үндэсний бахархлаараа өсөж торних болтугай.
Жич: авсан зургуудаа коммент дээр оруулна уу.
Гэр хүүхдийн төвийн хамт олон
