
Apr 2, 2026
ТАЛАРХАЛ
1-р хэсэг, тоглолт
Чикаго хотноо 3 сарын 28нд болсон “Монголын Эрдэнэс” тоглолт маань эзэн Чингис хааны үр сад дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан ч эх хэл, өв соёл, өвөг дээдсийн ариун сургаалиараа нэгдэн нягтарч, эв нэгдэл, үндэсний ондоошил, бахархлаа дээдэлсэн онцгой утга учиртай, үзэгч олны сэтгэлийг догдлуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Гэр Хүүхдийн төвийн Бүжье хамтлаг, Чикаго хотын Бид чадна клубын бүжигчин охид Монголын нэрт тайзны болон ардын бүжгүүд Захчин биелгээ, Хатад, Сурын дуулал, Урангар, Онгодын эгшиг, Аягатай дөрвөд биелгээ, Хөх бух, Монголын гоёо зэрэг бүтээлүүдийг уран чадвар, сэтгэл зүрх шингээн амилуулж, үзэгчдийн мэлмийг баясган, омогшлыг бадраасан юм. Удирдсан бүжгийн багш найруулагч СТА Д. Батзориг, Л. Ариунтунгалаг нартаа маш их баярлалаа.
Тэнгэр хуур үндэсний хөгжмийн чуулгын сурагчид маань эх нутгийн минь уудам тал, нүүдэлчин ахуй, өв уламжлал, сэтгэлийн дуудлагыг илэрхийлсэн “Сэрсэн тал”, “Монгол аялгуу” “Ардын 2 дуу” зэрэг дууг морин хуур, аман хуур, ёочин хөгжмийн төгөлдөр бүрэлдэхүүнтэй эгшиглүүлж нүүдэлчин ахуй, өв соёлын өнгө аясыг тансаг аялгуугаар мэдрүүлж чадсан нь үзэгчдийн сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн билээ. Морин хуурын багш СТА, БТА А. Бат-Очир, Ёочин хөгжмийн багш Б. Болормаа нартаа маш их баярлалаа.
Хуурчин хүүхдүүд аялгуугаар түүх өгүүлж, бүжигчин охид биеэрээ илэрхийлж алдарт Аягатай Дөрвөд, Захчин биелгээг хамтдаа бүтээсэн нь улам амьтай, хүчтэй, уянгалаг, жинхэнэ утгаараа амьд бүтээл болж чадсан юм.
Монгол улсаас Чикаго хотод суугаа консул Т. Батцэцэг уригдан ирж, хэлсэн үгэндээ багш, сурагчдын хичээл зүтгэл, авьяас чадварыг онцлон магтаж, мэргэжлийн бүжигчид, хөгжимчдийн түвшинд хүрсэн уран нарийн хөдөлгөөн, хөг эгшгийг чадварлаг эзэмшсэнийг сайшаан үнэлсэн нь оролцогчдод ихээхэн урам зориг хайрласан юм.
Тоглолтыг уран яруу, итгэл төгс хөтөлж, уур амьсгалыг улам өнгөлж өгсөн хүндэт хөтлөгч Рэгдэн багш болон бүхнийг амилуулагч хөгжим дууны техникч Б. Баярсайхан нарын нягт нямбай, анхаарал сайтай ажиллагааны ачаар тоглолт маань өндөр түвшинд зохион байгуулагсанд чин сэтгэлээсээ талархалж байна.
Тоглолтын байр авах, зар тараахаас эхлээд дуусах хүртэлх бүхий л ажлыг чин сэтгэлээсээ гардаж, найз нөхөд хамт олноо чадварлаг зохион байгуулж тусалсан, манай хүүхдүүдэд бас дурсгалын бэлэг өгсөн МУБТА У. Сувданцэцэг таньд гүнээ талархаж байна.
Калифорни мужаас аялан тоглосон Гэр Хүүхдийн төвийн Бүжье хамтлагийн сурагч Э. Номинжин, Б. Үжин, Б. Саруул, М. Үжин, Г. Ачлал, Б. Бөртэ, С. Ундарга, Б. Уранзаяа, М. Энхжин, О. Амин-Од нартаа, тайзны арын бүх ажлыг чадварлаг сайн гүйцэтгэсэн, сайн дурын туслагч ээжүүд Х. Болорчимэг, Ц. Туяацэцэг, Э. Болортуяа, Б. Сувдаа, Б. Мөнхзаяа, Түвшин, Ц. Цэцэгмаа, Батцэцэг, аудио, видео бичлэг хийсэн аав Одхүү, Хатад бүжгийн хувцсыг урласан СТА Т. Энхмаа, Гэр хүүхдийн төвийн тэргүүн БТА Т. Эс-Олдох нартаа маш их баярлалаа.
Нэрийг нь мэдэхгүй ч цэцэг барьсан, бэлэг өгсөн, хүрэлцэн ирж тоглолтыг үзэцгээж, суудлаасаа босож талархал илэрхийлсэн Чикаго хот дахь эрхэм монголчууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ийнхүү тоглолт маань Монголын Эрдэнэс болсон хүүхдүүдээ биширсэн, магтсан, эх орныхоо өв соёлыг тээсэн, бахархал, нэгдмэл сэтгэл, үндэсний дархлааг илэрхийлсэн сүрлэг сайхан үйл явдал болж, үзэгч олны сэтгэлд мартагдашгүй дурсамж болон үлдлээ.
Хүүхэд бүр Монголын минь нандин эрдэнэ
Хөх тэнгэрийн дор гялалзах Монголын Эрдэнэс билээ
2-р хэсэг, хүлээн авалт
Биднийг халуун дотноор угтан авч, унаагаар үйлчилсэн, гэртээ зочлуулсан, хүүхдүүдэд бэлэг өгсөн, бүхий л ажилд тусалсан Чикаго хотын сайхан сэтгэлт монголчууддаа, Консул Т. Батцэцэг таньд, Монгол мэдлэг сургуулийн багш нартаа, хүлээн авалтын байраар хангаж тусалсан Монгол соёлын төвийн хамт олон, менежэр Сараа, багш Б. Болормаа болон А. Булган, Д. Цэнгэлсан, Туул, Ж. Эрика, Л. Ариунтунгалаг багш нартаа маш их баярлалаа.
Онцлон талархах нэг хүн бол насаараа хүүхдийн төлөө зүтгэсэн, нинжин сэтгэлт, тусч, өглөгч, одоо ч багшлаад гүйж яваа, хүн бүхнийг баясгаж, инээд хөөрөөр дүүрэн үдшийг зохион байгуулсан Ц. Даваасүрэн эгч билээ. Таньдаа маш их баярлалаа.
Өдөр, оройн хоолонд халуун хуушуур, цай, өнгө өнгөөр алагласан салат, гуляш, шарсан тахиа зэрэг амтат хоолуудыг өөрсдийн гараар, хайр шингээн хийж дайлсан найзууд: У. Сувданцэцэг, Ц. Даваасүрэн, Х. Анхтуяа, П. Шинэбилэг, П. Амарзаяа, Ж.Саруултөгс, М. Эрдэнэ-Оюун, Г. Жавзандулам, Ж. Насантогтох, Х. Раднаасамбуу, Ө. Энх-Эрдэнэ нартаа туйлын их баярлалаа. Амтат бялуу хийлгэж ирсэн багш А. Бат-Очир, Б. Болормаа багш нартаа, бартендэр Минжээдээ маш их баярлалаа.
Халуун сэтгэл, инээд хөөр, амтат хоол ундаар бялхсан, дуу бүжигтэй үдэш бэлэглэсэнд, цаг зав, сэтгэл гарган тусгай бүжиг бэлдэж толилуулсан найз бүсгүйчүүд, ая дуугаа өргөн хөгжөөсөн залуус та нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Та бүхний халуун сэтгэл, чин хүсэл, үнэтэй дэмжлэгийн ачаар бидний энэ удаагийн аялан тоглолт амжилттай, дурсамж дүүрэн болж, хүүхэд багачуудын сэтгэлд мартагдашгүй сайхан мөр үлдээлээ. Бид бүхний цаашдын хамтын ажиллагаа улам батжина гэдэгт итгэлтэй байна.
Монгол соёлын гал голомт үеийн үед бадран асч, дэлхийн өнцөг булан бүрт гэрэлтэн түгэх болтугай.
Хүндэтгэсэн
Гэр Хүүхдийн Төвийн хамт олон
